Валютын ханш:

“МАХИМПЭКС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДЭДЭЭ МЭДЭЭЛЭХ НЬ


4 сар, 1 долоо хоног өмнө

 “ МАХИМПЭКС ” ХК- ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 

АНХААРАЛД


       Онцгой нөхцөл байдал үүссэн тул “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниуд нь хуульд заасан хугацаанд ээлжит хурлаа хувьцаа эзэмшигчдийг биеэр оролцуулан нэг дор зарлан хуралдуулах боломжгүй болоод байна.

      Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу  энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаа цахимаар санал хураах арга хэмжээ зохион байгуулж байгааг  Та бүхэн ойлгож дэмжинэ гэдэгт компанийн удирдлага итгэж байна.

        “Махимпэкс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар  цахим болон шуудангаар  санал хураах ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг хүртэл зохион байгуулах болсныг мэдэгдэж байна. 

ШИЙДВЭР ГАРГАХ АСУУДЛУУД  :

  1. 1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. 2. 2020 оны бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
  3. 3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин,  Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны төсвийг батлах 
  4. 4. Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хэлэлцэн батлах

       Та бүхэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Хүнсчдийн гудамж Махимпэкс ХК-ийн байранд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг хүртэл  өглөө 10.00-16.00 цагийн хооронд ирж, шийдвэр гаргахтай холбогдох материалтай танилцаж саналын хуудсаа бөглөх, эсвэл компанийн www.makhimpex.mn цахим хаягаар саналтай танилцаж саналын хуудсаа ирүүлэх замаар саналаа өгөх боломжтой.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

УТАС: 98555575, 98656598                   

   “МАХ ИМПЭКС” ХК-ИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Илтгэгч: Ж.Чинзориг “Мах Импэкс” ХК-ийн ТУЗ-ийн дарга

2020 оны 04 дүгээр сарын 26

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, урилгаар оролцож байгаа эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг Мах Импэкс ХК-ийн нийт ажилтан, ажилчдын өмнөөс болон хувиасаа хүргэж байгааг хүлээн авна уу.

 Мах импэкс ХК-ийн ТУЗ-өөс 2019 онд хийсэн ажлын тайлангаа та бүхэнд танилцуулан хэлэлцүүлж та бүхний гаргасан үнэтэй санал санаачилга, шүүмжлэлийг 2020 оныхоо ажилд тусган хэрэгжүүлэх болно.

Өнгөрсөн онд тайлангийн хурлаар тавьсан зорилтуудыг ханган биелүүлэх зорилгоор бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийж компанийн хэмжээнд бизнес төлөвлөгөө, техник зохион байгуулалтын төлөвлөгөө гарган ТУЗ-ийн хурлаар батлуулж мөрдөн ажиллаа.

Бид МУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн салбараас гаргасан бодлого, хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн үйл ажиллагааг нийцүүлэн салбартаа тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж ирлээ. Манай улс нь хүн амын дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц бий гэсэн судалгаа байдаг. Тайлант онд ИБНИУ-д 703 тн хонины ангилсан мах, БНХАУ-д 3875 тн адууны шулсан махыг тус тус өөрийн үйлдвэрт бэлтгэн экспортолсон.

Экспортод чиглэсэн бодлого, үйл ажиллагаанаас гадна дотоодын махны хангамжийг тогтворжуулахаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан бодлого шийдвэрийг дэмжин ажиллаж нийслэл хотын хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 1000 гаруй тонн мах нөөцлөөд байна.

Энэ бүхэн нь Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-д хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулан эрчимтэй ажиллаж байгаагийн үр дүн юм.

НЭГ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа томоохон хөтөлбөрүүдийн нэг болох 2016 онд эхэлсэн “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн тайлант онд хөдөө орон нутагт баг томилон ажиллуулах, малчдын малыг газар дээр нь очиж зөөвөрлөх ажлуудыг зохион байгуулж нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж 25000 толгой хонь, 7250 толгой ямаа, 1000 орчим толгой үхрийг малчдын гар дээрээс худалдан авч үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийлүүлсэн байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ын заалт, Засгийн газрын мөн оны 23, 26 дугаар тэмдэглэлийн хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хэрэгцээнд 2019-2020 онд худалдан борлуулахаар нийт 500 тн хонь, 300 тн ямаа, 200 тн үхрийн мах нөөцөнд бэлтгээд байна. 

Тайлант онд компанийн техник тоног төхөөрөмж, барилга байгууламжийг үйлдвэрлэлийн чанар, шаардлагад нийцүүлэх, дулаан, эрчим хүчний алдагдалыг багасгах зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  • - Бод мал төхөөрөх цехийн 1152 м2 шал мозайкдах
  • - Эхлэн боловсруулах үйлдвэрийн барилгын 1296 м2 талбайд дулаалга хийх, цонх солих ажил
  • - Дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах цехийн барилгын дотоол засварыг иж бүрэн засаж дуусгалаа.
  • - Эхлэн боловсруулах цехийн шатны хонгилын засвар, 172 м2 талбайд тус тус барилга засварын ажил хийсэн.

Техник тоног төхөөрөмж шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 82,7 сая  төгрөг төлөвлөн ажиллаж, төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа чанартай хийж дуусгалаа. Үүнд:

  • - Дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах цехийн халуун хүйтэн усны шугам, коллекторыг иж бүрэн шинэчлэх ажил.
  • - Бод, бог мал төхөөрөх цехүүдийн халуун хүйтэн усны шугамын шинэчлэлийн ажлыг хийж дуусгасан.
  • - Бод мал төхөөрөх, дотор эрхтэн боловсруулах цехүүдийн гэрэлтүүлэг, цахилгааны шитүүдийг солих ажил.
  • - Мал төхөөрөхөд ашигласан хутгыг 82-оос дээш хэмтэй халуун усаар ариутгах шаардлагад хийцүүлэн 22 ширхэг хутга ариутгагчийг шинээр хийсэн.
  • - 1968 онд ашигалалтад орсон бод малын арьс хуулах машиныг орчин үеийн хүнсний шаардлагад тохируулан өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинээр хийсэн.
  • - Бод мал төхөөрөх, дайвар бүтээгдэхүүн, дотор мах боловсруулах цехүүдийн вандан тавиурыг шинээр хийж, цусалгааны хэсэг болон дотор эрхтэн дамжуулах хоолой, ширээ, чануудыг технологийн чанар стандартад тохируулан зэвэрдэггүй гангаар хийсэн.

ХХААХҮЯ-наас төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төслүүдтэй хамтран зохион байгуулж "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд дотоодын зах зээлд худалдаалах мах махан бүтээгдэхүүний гарал үүслийг бүртгэлжүүлэх иж бүрэн багаж тоног төхөрөөмжийг суурилуулсан. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны ачаар, хэрэглэгч ухаалаг гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээний систем аппликэйшн”-ыг ашиглан тухайн махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулахад аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэг хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх боломжтой болж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх орчин үеийн техник технологитой танилцуулахаар махны үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж технологийн дэлхийн чиг хандлагыг тодорхойлдог гурван жилд нэг удаа ХБНГУ-ын Франкфурт хотод зохиогддог Олон улсын нэр хүндтэй IFFA үзэсгэлэнд оролцсон. Бог малын толгойг хуйхлан шулж, вакуумдан савлаж худалдаанд гаргах, малын бүх төрлийн дотор эрхтэнийг жижиглэн савлаж худалдаанд гаргах, сав баглаа боодлыг шинэчлэн шинэ шатанд гаргах зорилтыг хэрэгжүүлэхээр энэхүү үзэсгэлэн яармагаас Итали улсад үйлдвэрлэсэн skin packaging машиныг худалдан авсан. 

Skin packaging машин нь хүнсний бүтээгдэхүүнийг бүх гадаргуу дээр битүүмжлэхэд зориулагдсан хэлбэрийг нь хадгалдаг сав баглаа боодлын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор савладаг юм.

Үйлдвэрийн мэргэжлийн онцлогоос шалтгаалж Хужирт рашаан сувилалд 11 хүн амрааснаас тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан өндөр настан 2 хүн амарчээ. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Итгэлт хамбын аялалд 4 хүн амраасан. Мөн өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур 3-н өрхөд түлээ нүүрсний мөнгө олгосон. Үр бүтээлтэй ажилласан ажилтан ажилтнуудаа урамшуулах зорилгоор 14 ажилтаныг БНХАУ-ын Бээжин хотод аялуулсан.

Тайлант онд тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаас Төрийн дээд одон медаль Алтан гадас одонгоор 4 ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 ажилтан үүнээс өндөр настан 2 хүн, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 10 ажилтан тус тус шагнагдсан.

ХОЁР. САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ТАЛААР

Компанийн 2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг 2018 оны үзүүлэлттэй харьцуулсан шинжилгээг хүргэж байна. Тус компани нь 2019 онд 140 гаруй ажилтантайгаар 10 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн, 20 гаруй нэр төрлийн дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалт хийсэн. Тайлант онд компанийн нийт хөрөнгө 37 хувиар буюу 15.4 тэр бум төгрөгт хүрч өссөний 85.1 хувь нь эргэлтийн хөрөнгө эзэлж байна. Энэ нь компанийн хөрөнгө оруулалт нэмэгдэж ашигт ажиллагааг дээшлүүлэх суурь болж өгч байна.


 ГУРАВ.  КОМПАНИЙН ЦААШДЫН ЗОРИЛТ

Үйлдвэрлэлийг хөгжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжийг сайжруулах, гадаад экспортыг нэмэгдүүлэхийн тулд дараах ажлуудыг гол зорилт болгон ажиллана. Үүнд:

  • - НАССР тогтолцооны угтвар нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд хуучин бод богийн өлөнгийн цехийг ажилчдын цайны газар, үйлчилгээний зориулалтаар шинэчлэн засварлах зураг төслийг технологийн урсгалд нийцүүлэн боловсруулах
  • - Боловсруулсан зураг төслийн дагуу барилгын засварын ажлыг хийж, цахилгаан, сантехникийн шугам, цайны газар үйлчилгээний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тохижуулах.
  • - Мал эмнэлэгийн лабораторийг шинэчлэн тохижуулж мал төхөөрөхөөс эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх шат дамжлага хяналттай болгох, бүтээгдэхүүний гарал үүслийг бүртгэлжүүлэх, мөшгих тогтолцоог улам боловсронгуй болгоно.
  • -  Хөргөлтийн системийн найдвартай ажиллагааг хангахад аммиакны насос, ус хөргөх төхөөрөмж, конденсаторийн усны насосуудыг шинээр худалдан авч суурилуулах.
  • - Эрчим хүч хэмнэх, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хувьд хүйтэн усны насосонд давтамж хувиргагч тавих, уурын конденсатыг засварлаж эргүүлэн ашиглах ажлуудыг үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна.
  • - Мах хадгалах зоориудын хаалгыг шинэчлэх ажлыг хийх, ингэснээр хөргөлтийн алдагдлыг багасгаж эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээнд бууруулах юм.
  • - Малын бүх төрлийн дотор эрхтэнийг жижиглэн савлаж худалдаанд гаргах, сав баглаа боодлыг шинэчлэн шинэ шатанд гаргах зорилт тавьж байна.
  • - Толгой хуйхлах цехийг шинэчлэн тохижуулж, тоног төхөөрөмжийг байршуулах, бог малын толгойг хуйхлан шулж, вакуумдан савлаж худалдаанд гаргах ажлыг зохион байгуулна.
  • - Экспортыг нэмэгдүүлж ИБНИУ-д хонины ангилж шулсан мах 1000 тн, БНХАУ-д адууны шулсан мах 2000 тн-ыг бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • - Ажилтан албан хаагчдыг ээлж дараатайгаар мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулах замаар боловсролын түвшинг байнга ахиулан ажиллах. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хийнэ.
  • - Мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх орчин үеийн техник технологитой танилцуулахаар олон улсаас зохион байгуулагдаж буй үзэсгэлэн яармагт оролцоно.  

Хувьцаа эзэмшигч та бүхэн Махимпэкс ХК-ийн 2019 оны үйл ажиллагаа, цаашид тавих зорилтод үнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна. 

Та бүхэнд ажил хөдөлмөрийн амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

“ МАХ-ИМПЭКС ”ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧДИЙН ТОВЧ АНКЕТ

  1. 1. Жаргал овогтой Чинзориг, 1969 онд УБ хотод төрсөн , эрэгтэй , халх , ам бүл 4 , эхнэр  2 хүүхдийн хам амьдардаг , дээд боловсролтой , нябо эдийн засагч мэргэжилтэй ,”Милл Хаус”ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг , компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан ,орос хэлтэй.
  1. 2.  Мягмаржав овогтой Лхачинбал ,1947 онд Баян-Хонгор аймгийн Заг суманд төрсөн, эрэгтэй , халх  , ам бүл 2 , эхнэрийн хамт амьдардаг , дээд боловсролтой ,ОХУ-д  Одесса хотын Хүнсний технологийн дээд сургууль төгссөн , хүнсний технологич мэргэжилтэй , Мах консервний комбинатад хэлтэс, үйлдвэрийн дарга , ерөнхий инженер , орлогч дарга , Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан , одоо тэтгэвэрт , компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан , орос хэлтэй.” Мах импэкс”ХК-ийн хувьцаа эзэмшигч
  1. 3. Лхагва овогтой Янжин , 1950 онд УБ хотод төрсөн , эмэгтэй , халх , ам бүл 4 , нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг , дээд боловсролтой , ОХУ-д Одесса хотын Хүнсний технологийн дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн , хүнсний технологич мэргэжилтэй , техникийн ухааны магистр ,”Талх-Чихэр” ХК-д ерөнхий менежер ажилтай , компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан , орос хэлтэй , МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан.
  2. 4.  Дуламсүрэн овогтой Жанчивдорж ,1956 онд Увс аймгийн Зүүн-Хангай төрсөн , эрэгтэй , халх ,ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг , дээд боловсролтой ,  ХААИС , Удирдлагын академийг тус тус төгссөн , мал зүйч , төрийн удирдлагын зохион байгуулагч мэргэжилтэй , ХКҮ-т менежер ажилтай компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан , орос,англи хэлтэй.
  1. 5. Дашдоной овогтой Цэнддорж ,1954 онд төрсөн , эрэгтэй , халх , ам бүл 5 , эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг , дээд боловсролтой , МУИС , Герман улсад Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн , инженер , улс төр судлаач мэргэжилтэй , техникийн ухааны магистр , ” Женко ” групп-д зөвлөхажилтай , орос , англи , герман хэлтэй , компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан.
  1. 6. Халтмаа овогтой Цэндбаяр , 1960 онд УБ хотод төрсөн , эмэгтэй , халх , ам бүл 3 , нөхөр хүүхдийн хамт амьдардаг , дээд боловсролтой , МУБИС ,Удирдлагын академийг тус тус төгссөн , багш , бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй ,” Баян-Гол”Зочид Буудал ХК ийн гүйцэтгэх захирал ажилтай , орос англи хэлтэй , компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан.
  1. 7.  Цэнд-Аюуш овогтой Цолмон ,1978 онд  УБ хотод төрсөн ,эмэгтэй , халх , ам бүл 3 , ээж , дүүгийн хамт амьдардаг , дээд боловсролтой , МУИС ийг төгссөн ,сэтгүүлч мэргэжилтэй ”Ардчилал ” сонины ерөнхий эрхлэгч ажилтай ,орос англи хэлтэй ,компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан
  1. 8.  Жамъянсүрэн овогтой Баттөр , 1958 онд УБ хотод төрсөн , эрэгтэй , халх ,ам бүл 4 , эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг , дээд боловсролтой ,ЦЕС төгссөн , улс төр судлаач мэргэжилтэй ,орос хэлтэй,компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан.
  1. 9. Мягмар овогтой Баттогтох , 1975 онд төрсөн , эрэгтэй , халх , амбүл 3 , эхнэр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой , хуульч мэргэжилтэй , хуулийн фирмийн захирал ажилтай ,орос , англи хэлтэй, компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан.
  1. 10. Данзан овогтой Даянбилгүүн, 1976 онд төрсөн, эрэгтэй, халх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, Бизнесийн эдийн засагч, бизнесийн удирдлагын магистр,  Би Ди Сек ҮЦК ХК-д гүйцэтгэх захирал ажитан.
  1. 11. Тэгшээ овогтой Одням, 1975 онд төрсөн, эрэгтэй, халх,  Бизнесийн удирдлага, Эрх зүйч мэргэжилтэй,  Их-Од ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай.


Дээш