Валютын ханш:

Малчдыг дэмжих хөтөлбөр олон аймаг, суманд үгүйлэгдэж байна


1 жил, 3 сар өмнө

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Мал аж ахуй тогтвортой хөгжил 2018” малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын төлөөлөл болсон 700 гаруй малчин оролцож байна. Зөвлөгөөнөөр Бэлчээрийн тухай хуулийн төслийг танилцуулж, малчдын санал бодлыг сонсож байгаа аж.

Малчдын хувьд сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо өсч 66 саяд хүрсэн ч эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь үхмэл хөрөнгө болж байна гэсэн шүүмжлэл гарч байлаа. Тиймээс цаашид төрийн зүгээс мал, малаас гарах түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг гаргаж хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг хэлж байв.

“Мах импэкс” ХК-ийн хувьд “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлж малчдаас малыг нь худалдан авч, үйлдвэр малчин гэсэн харилцаа холбоог тогтоогоод байгаа билээ. Энэ хөтөлбөрт хамрагдаж мал, махаа үйлдвэрт нийлүүлж хамтран ажиллаж байгаа зарим аймгийн малчидтай уулзаж хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар ярилцсан юм.

Малчид амьгүй арьс маллаж байна


Баянхонгор аймгийн Богд сумын II багийн малчин Ц.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Сайхан зусч байна уу. Зуны эхэн сар гарчихлаа. Танай нутагт газрын гарц ямар байна вэ?

-Сайхаан, сайхан зусч байна уу. Манай нутгийн тухайд газрын гарц муутай л зун эхэлж байна. Өвөлдөө цас бага орсон болохоор чийг багатай байна. Бороо ороосой л гэж хүсч байна даа.

-Малчдын хувьд орлоготой болдог цаг нь хавар намар байдаг байх. Энэ жил ноолуурын ханш хэд хүрэв?

-Манай нутаг говь учраас ямаагаа хожуу самнадаг. Ноолуурын ханш оргил үедээ 100 гаруй мянгад хүрсэн гэсэн. Бид тийм хэмжээнд өгч чадаагүй. Алслагдсан нутаг оронд амьдарч байгаа малчдын хувьд ноолуурын үеэр л гайгүй мөнгөтэй болдог. Гэвч зээлтэй байдаг болохоор тэр зүйлд л дийлэнхийг нь зарцуулах юм.

-Намартаа малаа хэрхэн борлуулж байна вэ?

-Дэд бүтэц хөгжсөн Улаанбаатар хоттой ойрхон аймаг, сумдынхан шиг малаа нядалж борлуулах боломж хомс байдаг болохоор амьдраар нь авъя гэсэн хүмүүст л өгдөг. Ченжүүдэд гэх үү дээ. Гэхдээ өнгөрсөн намар манай нутагт эм ямааг 32000 төгрөгөөр авсан. Гэтэл арванхоёрдугаар сард ямааны арьс 35000 төгрөгт хүрсэн нь бид зүгээр л амьгүй, арьс маллаж байсан мэт санагдаж байлаа.

-“Мах импэкс” ХК-ийн хувьд “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж, аль болох алслагдсан аймаг сумдын малчидтай хамтран ажиллах бодлого чиглэл барьж байгаа. Нэг ёсондоо малаа тогтмол борлуулж чадахгүй байгаа малчдаа дэмжиж, орлогожуулах л зорилготой юм л даа?

-Алслагдсан сум, аймагт хүрч ажиллаж байгаа нь сайн хэрэг. “Мах импэкс” ХК манай суманд ажиллаж 32 мянган төгрөгийн ханштай байсан ямааны ханшийг 35 мянган төгрөгболгосон. Энэ сайн хэрэг, үр дүнгээ өгч байгаа гэж ойлгож байгаа. Мөн малчдад хэрэгцээтэй өвс, тэжээлийг өгч байгаа нь алслагдсан говийн малчдад бүр ч сайн. Мөн малдчдын өдөр тутам хэрэглэдэг гурил, будаа, гоймон, талх нарийн боов гээд бүхий л зүйлийг төлбөр тооцоондоо оруулж байгаа нь их зүгээр санагдсан. Ер нь малчид аль болох тогтвортой үнэ ханшаар малын махаа нийлүүлэх сонирхол байна. Яагаад тогтмол үнэ ханшаар нийлүүлэх сонирхол байна гэхээр ченжүүд үнийг өсгөж байснаа бүр доош нь унагаадаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй үнэ хэлж малчдын хөлс хүчээ зарцуулан байж өсгөсөн малыг үнэгүйдүүлдэг. Тиймээс энэ хөтөлбөр илүү олон малчин өрхөд хүрээсэй л гэж хүсч байна.

Үйлдвэр, малчин гэсэн шууд суваг нээгдвэл сайн


Архангай аймгийн Их тамир сумын малчин Я.Буянхишигтэй цөөн хором ярилцлаа.

-Зуншлага сайхан уу. Зөвлөгөөн үр дүнтэй болж байна уу?

-Сайхан зусч байна. Зөвлөгөөнөөр яг одоо Бэлчээрийн тухай хуулийг төслийн танилцуулгыг хийж байна. Энэ хуулийн танилцуулгыг сонсч байхад малчдыг малаа цөөл, чанаржуул гэсэн утга агуулгатай зүйл ярьж байна.

-Монгол Улсын малын тоо 66 сая хүрсэн. Үүнийг дагаад бэлчээрийн асуудал хүндрэлтэй болсон. Танай сумын хувьд бэлчээрийн даац ямар байна вэ?

-Манай сумын малчид тэмээнээс бусад малыг төрөл бүрдээр нь өсгөж байна. Малын тоо ч нэлээд өссөн, бэлчээрийн даац хэтэрсэн. Гэхдээ малчид маань газар нутгаа булаалдаж элдэв янзын ааш аяг гаргасан зүйл байхгүй, хэвийн л байгаа.

-Архангай аймгийн хувьд сарлагийн цагаан идээгээрээ алдартай байдаг. Малаас гарах ашиг шимийг бишгүй л хүртэж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Манай сумын малчдын хувьд цагаан идээгээ борлуулж орлого олдог. Хавартаа мэдээж ямааны ноолуураа борлуулж байна.

-Махаа хэрхэн борлуулж байна вэ?

-Малаа нядалж портерт ачиж аваад л Хүчит шонхор зах дээр авчирч өгдөг дөө.

-Мах импэкс ХК-ийн Малчдыг дэмжих хөтөлбөрийн талаар та ямар мэдээлэлтэй байдаг вэ?

-Энэ хөтөлбөрийн талаар сонссон. Гэхдээ манай суманд очдоггүй.

-Энэ хөтөлбөрийн хувьд малчин үйлдвэр гэсэн харилцааг би болгож дундын дамжлагыг халах зорилготой юм л даа?

-Би малчдаас судалгаа авч үзсэн. Малчид тэр бүр малаа Улаанбаатар хот руу оруулж борлуулж чадахгүй байна. Тиймээс малчдын гараас шууд үйлдвэрт нийлүүлдэг шугам бий болчихвол их л зөв болно. Малчид ч тийм сонирхолтой юм билээ. Энд байгаа малчдын олонхи ч ийм зүйлийг ярьж хэлж байна.




Дээш